БНХАУ дотоодын технологийг хөгжүүлэхэд гадны, тэр дундаа Америкийн аль ч компанид орон зай үлдээх хүсэлгүй байгаа бололтой. Хятадын төрийн захиргааны агентлагуудад алба хаагчдыг iPhone загварын гар утас ашиглах болон албан газарт авчрахыг хоригложээ. Түүнчлэн гадны брэндийн технологи бүхий төхөөрөмжүүдийг албан ажил дээрээ авчрахгүй байх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийн дараа Apple компанийн хувьцааны ханш буурчээ. Хятад нь Apple-ын томоохон зах зээлийн нэг бөгөөд нийт орлогынх нь 25 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Гэвч iPhone гар утасны хэрэглээг төрийн алба хаагчдад хориглосноор Apple-ын хувьцааны ханш 3.6 хувиар буурсныг Wall Street Journal мэдээлжээ. Ажиглагчид Бээжингийн эрх баригчид Америк технологиос хараат байдлаа бууруулах оролдлого хийж байгааг онцолжээ. Энэ нь Apple-аас гадна бусад гадны технологийн компаниудын зовних асуудал болж байна. Үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар мөн төрийн захиргааны газруудад Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Huawei технологи, видео бичлэгийн ТикТок платформыг хориглосон билээ.