Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлал мэдээж Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд дахин нэг шатаар ахиулсан үр дүнтэй үйл явдал болов.
"Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ" хэмээн Католик шашны тэргүүн дүгнэсэн нь түүнийг бид аль зэрэг өндөр түвшинд хүлээн авсныг илтгэж буй. Энэхүү айлчлалыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн нь мэдээж талархууштай.
Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед хийсэн ажлаа хэт үнэлүүлж буй дүр зураг ажиглагдав. Манайхан хүнийг нэг магтахаараа чихэр шиг гөлийтөл хүлхээд ширээн дээр тавьчихдаг. Харин муулахаараа газар тавьж байгаад гутлынхаа өсгийгөөр дэвсдэг гэдэг дээ. Сүүлийн хэдэн хоног Ерөнхийлөгчийг, тэр тусмаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайдыг ёстой л "хүлхэх" шиг болов.
"Чухам ийм гадаад харилцааны сайд өмнө байгаагүй", "Ийм л хүнийг бид ирэх жилийн сонгуулиар сонгох хэрэгтэй" гэх мэтээр бичиж эхэлсэн нь харин троллууд ажлаа хэт сайн хийж буйнх. Женкогийн үеэс хойш дарга нар сонгуулийн пи-ар хийхдээ нэгнээ харлуулах нь эрс багассан. Өөрөөр хэлбэл сонгуулийн жил муу муухай улстөрчийг зураг хөрөг, элдэв бичлэг, баримт сэлт сошиалаар сэвэгдэхээ больсон үе. Харин ч наммууд гар гараасаа барилцаад Үндсэн хуулиа өөрчилж, гишүүдийнхээ тоог нэмдэг болсон үе. Тийм учраас бусдыг муулах биш өөрсдийгөө сайлах сонгуулийн пи-ар ажилладаг болж.
Пап Францис Гүюг хааны захидлын хуулбарыг монголчуудад бэлэг болгон өгснийх нь хариуд түүнийг үдэхдээ "Гүюг хаан" онгоцоо Папын сууж явсан онгоцыг дагалдуулан нисгэсэн нь айлчлалыг далимдуулсан попролтууд хэрээс хэтэрснийг харуулав. Пап буцсан ч поп буцахгүй шинжтэй. Сошиалд нийтлэгдэж буй мэдээллүүдээр түүхэнд байгаагүй сайн Ерөнхийлөгч, түүхэнд байгаагүй сайн Гадаад харилцааны сайдтай болох нь.
Одоо бодит байдалтайгаа нүүр тулцгаая. Сарын сүүлээр анхны цас орох талаар мэдээлж байна. Өвөл хаалга тогшоод ороод ирэх нь. Хятадаас захиалахаар болоод байгаа коксжуулсан нүүрсээ олохгүй байгаа сурагтай. Оросоос үе үехэн эрчим хүч, шатахууныхаа крантыг хаачих гээд байдаг болсон. Ирэх зун болох сонгуулиас урьтаж улсаа хөөдчихгүйхэн шиг мөн хөлдөөчихгүйхэн шиг өвөлжих том ажлууд байна шүү дарга нар минь.