Саяхан манай улсад айлчилж ирсэн Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй Католик шашны тэргүүн, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг энэ удаагийн буландаа онцолж байна.
Пап Францис нь Католик шашны тэргүүн болохоос өмнө Хорхе Марио Берголио гэх нэртэй байсан бөгөөд 1936 оны 12-р сарын 17-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотод мэндэлжээ.
Түүний өвөг дээдэс Италиас Аргентинд цагаачилж ирсэн гэдэг. Түүний аав Марио төмөр замд нягтлан бодогчоор ажилладаг байсан бол ээж Регина Сивори нь таван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө зүтгэдэг тууштай эзэгтэй байжээ. Хорхе Марио Берголио тухайн гэр бүлийн ууган хүү юм.
Тэрээр багаасаа эгэл жирийн амьдралаар амьдарч ирсэн ба даруу төлөв зантай хүү байжээ. Берголио Зургаадугаар ангиасаа Буэнос Айрес мужийн Рамос Межиа дахь Дон Боско хотын Салезианчуудын Уилфрид Барон де лос Сантос Анхелес сургуульд суралцжээ.
Ахлах сургуулиа төгсөөд тэрээр Аргентины өмнөх ерөнхийлөгчийн нэрэмжит "Escuela Técnica Industrial" техникийн дунд сургуульд суралцаж, химийн техникч мэргэжлээр төгссөн байдаг. Берголио залуу байхдаа Сан Лоренцо де Алмагро хөлбөмбөгийн багийг хөгжөөн дэмждэг байсан юм. Зөвхөн дэмжихээс зогсохгүй өөрөө ч тоглох дуртай байв. Мөн танго бүжиг болон Латин Америкийн уламжлалт бүжиг болох милонгад дуртай байсан гэж суралцаж байсан сургуулийнх нь нэг багш ярьж байсан удаатай.
Берголио анх 1958 оны 3 сарын 11-нд Есүсийн Нийгэмлэгт элсэх хүсэлт гаргаж байсан аж. Мөн тэрээр Хорхе Марио 1960 онд Сан Хосегийн Максимо Коллежид суралцаж, философийн эрдмийн зэрэг хүртжээ. Үүний дараа 1964-1965 онд "Язгуурын гэм нүгэлгүй үр тогтолт" коллеж болон Санта Фе хотын дунд сургуульд уран зохиол, сэтгэл судлалын багшаар ажилласан байдаг. 1969 онд Сан Мигелийн Философи, Шашин судлалын факультетад үргэлжлүүлэн сурч, тус факультетаддаа шашин судлалын профессороор ажилласан түүхтэй.