Хятадын нүүрсний импорт өнгөрсөн сард огцом нэмэгдсэн нь Орос, Монголоос хийсэн худалдан авалт дээд хэмжээнд хүрч, Австралиас нийлүүлэлт ихээхэн өссөнтэй холбоотой гэж тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Гуравдугаар сард 41.2 сая тонн нүүрс импортолсон нь 2020 оны нэгдүгээр сарын 43.6 сая тоннын дээд амжилтын дараа орох үзүүлэлт болсон байна. Эдийн засаг нь дахин нээгдэж, гол түлшний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотойгоор Хятадын засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж байгаа аж.
Нийт импортын талаас илүү хувийг Индонез дангаар эзэлж, Хятадын хамгийн том нийлүүлэгч орон хэвээр байна. ОХУ-аас импортолсон нүүрс 8.8 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин, наймдугаар сард тогтоосон 8.5 сая тоннын өмнөх дээд үзүүлэлтээс давсан үзүүлэлт болжээ. Монголоос 5.8 сая тонн нүүрс импортолсон бол Австралиас импортолсон хэмжээ 2.2 сая тоннд хүрсэн нь хоёр орны худалдаа Бээжин Австралиас нүүрс тээвэрлэлтийг 2020 оны сүүлчээр зогсоохоос өмнөх түвшинд аажмаар эргэн хүрч байгаатай холбоотой байна.
Бээжин хоригоо энэ оны эхэнд цуцалж, Хятадын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүд Австралийн өндөр чанартай нүүрсийг үргэлжлүүлэн худалдан авах боломжтой болжээ.
Тарифыг тэглэх журам импортлогчдод тус болсон бөгөөд энэ журмыг 12 дугаар сар хүртэл сунгасан байна. Москва Украинд халдан довтолсноос хойш Хятадын чухал ханган нийлүүлэгч болжээ. Оросын эрчим хүчний нүүрс олборлогч хамгийн том компани хориг арга хэмжээний улмаас учирсан экспортын алдагдлыг нөхөхийн тулд энэ жил Хятад руу хийх нүүрсний экспортоо гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ цар тахлын улмаас тавьсан хязгаарлалтыг цуцалснаар Монгол Улсын хилээр нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний урсгал илүү чөлөөтэй болжээ.